November 15, 2020
Comments - 0
Views - 1
Америк, Японы олон нийтийн анхаарлыг татсан нэг хэрэг 1992 онд Луизианд гарсан: АНУ-д оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу суралцаж байсан япон оюутан Ёшихиро Хаттори үдэшлэгт очих гэж яваад андуурч нэг байрны үүдэн дээр ирэхэд гэрийн эзэн Родни Пэйрс түүнийг буудан алжээ. Олон япон (америкчууд ч бас) Америкт галт зэвсэгийн хяналт сул байгааг харууллаа гэж цочирдож хүлээж авч байсан. Үнэн хэрэгтээ бол хувийнхаа цайзад бүгсэн байшингийн эзэн үүдэнд нь ирсэн хөршийнхөө арван хэдтэй залууг буудахаас буцахгүй болтлоо гадаад ертөнцдөө итгэхээ больсон нийгмийн итгэлцлийн доройтлын том жишээ байсан юм. Монголын бүх цаг үеийн шилдэг 100 шүлэгийн дээгүүрт залардаг Ц.Чимэддоржийн “Малчин” шүлэгт:
“Давхиад буухад цоожгүй айл малчин танайх
Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных” гэж сийрүүлсэн нь 20-р зууны төгсгөл хүртэл Монголчуудын бие биендээ итгэх итгэл өнөөгийнх шиг нэг их ялзраагүй байж. Өдгөө 80 гарч буй нэгэн эмээ тухайн үед Улсын Их Дэлгүүрээс бараа зээлж авч байсан гэж ярихыг нь сонсоод мэл гайхав. Та маргааш ч юм уу УИД-т ороод 3-р давхараас нь нэг гутал зээлээч гэж асуувал танд юу тохиолдохыг би хэлж мэдэхгүй байна. Нийгмийн итгэлцэл дан ганц зээлэх-зээлүүлэхэд байгаа юм биш. Гэр бүл, хувь хүн, албан байгууллага, хамт олон цаашлаад улс орныг нь нөмрөн авч байна. Тухайлбал эр эм хосуудын бие биендээ итгэх итгэл суларч буй нь тоон үзүүлэлтээс тод харагдана. 2010 оны байдлаар жилд гэр бүл салагчдын тоо 1631 байсан бол 2015 онд энэ тоо 2601 болтлоо өссөн. Миний мэдэхийн манай найз нөхдөөс 2 ч гэр бүл өнгөрсөн сар салсан. Шалтгаан нь
(-чи дандаа оройтоод байна
-би ажилтай байна ойлгож байна уу
– чи худлаа байгууллагынхаа ……-тэй л яваа биз!
-битгий өөр шигээ юм яриад бай!
-хоое яахаараа над шиг байдагын??? ) гэх мэт аар саархан зүйлээс. Энэ мэт хосуудын салалтаас нь урьдчилан сэргийлэх шугамаар бүртгэлтэй гадаад, дотоодын 8,000 гаруй ТББ-ууд монголд ажиллаж байна.
Хэзээний “хуульчдын орон” гэж нэрлэгддэг америк-д иргэний зарга ихсэж 20-р зууны хоёрдугаар хагаст иргэд шүүхэд зарга мэдүүлэх явдал урьж хожид үзэгдээгүй их болсон нь өнөөдөр тэднийг энэ үзүүлэлтээр тэргүүн эгнээнд аваачсан. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улс шүүхэд зарга мэдүүлэх үзүүлэлтээрээ америкийг бут цохих үзүүлэлтрүү орлоо. Жишээ нь шүүн таслах ажиллагааны мэдээнээс үзвэл анхан шатны шүүхэд 2014 онд 19,968 хэрэг бүртгэгдсэний 16,007 нь иргэний хэргийн гомдол байгаа юм. Монголчууд бие биеэ өмнөхөөсөө илүү залилж мэхэлдэг болсон эсэхийг хэлэхэд хэцүү, гэхдээ бид үнэхээр тэгдэг болсон юм шиг аяглах болжээ. Шүүхдэх зарга ихсэнэ гэдэг бол албан бусаар хэл амаа ололцох буюу гуравдагч этгээдийн зуучлалаар шийдэж болох маргаан маш цөөрнө гэсэн үг юм. Хэл амаа ололцохын тулд аль ч тал нь нөгөөгийнхөө сайн санаанд жаахан ч болохноо итгэж, өөрийнхөө эрхийг ямар ч үнээр хамаагүй хамгаалах гэж зүтгэхгүй байх ёстой.
Дараагийн нэг зүйл нь байгууллага ажилчидын хоорондын итгэлцэл. “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов”, “бухын бөгс байснаас батганы толгой байя”, “том голын жараахай байснаас жижиг голын загас байсан нь дээр” гэх зэрэг үгсээр өөрийгөө хурцалсанаас болж тогтвор сууршилтай ажиллагсдын тоо буурч, албан байгууллагиуд ажлаас гарах хүсэлтэнд дарагдчихаад байна. Өөрөөр хэлбэл 48.6 мянгад хүрч байсан бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 88.6 мянга болтолоо өссөөд байна. Энэ хэрээр ТББ болон ААН-ийн тоо огцом өссөн. Өнөөдөр монгол улсад бүртгэлтэй 26 мянган ТББ байгаа бол 2016 оны 5 сарын байдлаар 117 мянган бүртгэлтэй ААН тоологдоод байна. “Нийгмийн итгэлцэл буураад ирэхээр хүмүүс хувьч шинж чанар руу шилжиж, бүх зүйлийг өөрөө хийх сонирхолтой болдог” гэсэн Фрэнсис Фукуяма-ийн онол бий. Томоохон хэвлэлийн үйлдвэрт ажиллаж байсан залуу удирдлагиудтайгаа нэг хэг ёг хийгээд л шууд ажлаасаа гарч жижигхэн өрөө түрээслэн өөрийн хэвлэлийн компанийг байгуулж байна. Жишээ нь Лондонд гэхэд өдөр тутмын 7 сонин гардаг бол улаанбаатарт 23 сонин гардаг, Англид 88 дээд сургууль байхад монголд 160 гаруй дээд сургууль байх жишээтэй. Хамгийн сонирхолтой нь бага, дунд орлоготой ААН, компани зарим нэг их хэмжээний орлоготой компаниудын шийдвэр гаргах, санхүү хариуцсан ажилчид нь эхнэр нь, хүүхэд нь, эсвэл ойрын хамаатан нь, хадам эх нь (хадам эх нь арай биш ээ) байдаг. Ур чадвартай ажилтанаас илүү итгэлтэй хүнээ л тавих нь чухал гэдэг зарчим дээр бизнесээ хийдэг. Тэр итгэлтэй хүн нь гэр бүлийн хүрээнээс нэг их хэтэрдэггүй.
Энэ мэт мартагдаж буй нийгмийн итгэлцэлийг сэргээх, бие биеэндээ итгэх, итгэсэн нэгний итгэлийг алдахгүй дааж явах ёс суртахууны наад захын чадамж бидэнд хэрэгтэй байна.
2016.07.21 Р. Мөнхтэгш
Add Comment